images

ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦАА

МОНГОЛ ЭНЭТХЭГИЙН ХАРИЛЦАА

2022-11-28

156

Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс анх 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцааг тогтоосон.  1956 онд Монгол Улс Дели хотод ЭСЯ-аа нээж, Энэтхэг улс Улаанбатарт 1971 онд ЭСЯ-аа нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. БНЭУ-тай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарыг хамран Стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байна.

Монгол, Энэтхэг улсууд хоёр болон олон талын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ дэмжиж ирсэн. Тухайлбал, 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэхэд Энэтхэг Улсын зүгээс идэвхтэй дэмжсэн. Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох Энэтхэг Улсын хүчин чармайлтыг дэмжиж байна.

Энэтхэг, Монгол хоёрыг соёл иргэншлийн хэлхээ холбоо, Буддын шашны болон оюун санааны уламжлал ойр дотно холбож байна. Манай хоёр орон нийтлэг ардчилал, эрх чөлөөний үзэл бодолтойг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Монгол Улс Энэтхэгийг “Гуравдагч хөрш” гэж үздэгийг Энэтхэг Улс дэмжин талархдаг.

Олон улсын харилцаанд маш олон үйл явдал хурдацтай өрнөж, улс орнуудын хүчний харьцаа, хамтын ажиллагаа ялангуяа Азийн бүс нутагт эрчимтэй хувьсан өөрчлөгдсөөр байгаа өнөө үед Монгол, Энэтхэг хоёр улс улам ойр дотно байж, Стратегийн түншлэлээ гүнзгийрүүлэх шаардлагатайг хоёр орны удирдагч удаа дараа тэмдэглэж ирсэн. Үүнд хоёр талын өндөр түвшний айлчлалууд чухал үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч 1994, 2001, 2009 онуудад айлчилсан бол Энэтхэгийн Ерөнхийлөч 2011 онд, Ерөнхий сайд 2015 онд Монголд айлчилсан байна. Монгол Улсын УИХ-ын дарга 2021 оны 12 дугаар сард Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийсэн.

Харилцан тохирсон гэрээ хэлэлцээлрийг хэрэгжүүлэхэд цаашид анхаарах шаардалгатай. Энэтхэгийн талаас энэ чиглэлээр тодорхой хүчин чармайлт гаргаж байна. Тухайлбал, Энэтхэгийн Ерөнхий сайд Модийн даргалсан Засгийн газар энэ оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан.

Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч 2020 онд Монголд айлчлах асуудал дипломат шугамаар яригдаж байна. Айлчлалыг амжилттай зохион байгуулах нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг бодитой болгоход чухал. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 ойн жилд тохиох  эл айлчлал хоёр орны харилцааны өндөр түвшинг дахин илтгэн харуулах болно.

Энэтхэгийн засгийн газрын ITEC буюу Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны удирдах албан тушаалтны удирдлага, бодлого боловсруулагчдын сургалтын шинэ хөтөлбөрийн хүрээнд энэ оны 1 дүгээр сарын 5-12-ны хооронд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нийслэл хот, аймгуудын засаг дарга нарын удирдлагын арга зүйн сургалт Энэтхэгийн Мадьхя Прадеш мужийн Индор хотод амжилттай зохиогдсон.

Сургалтын хүрээнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй засаг дарга нар Энэтхэгийн Гадаад хэргийн сайд др. С.Жайшанкартай уулзав. “Энэтхэг Улс Монгол Улсын гуравдагч хөршийн хувиараар төдийгүй өн удаан жилийн оюун санааны хөрш, түншийн хувьд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэх чин эрмэлзэл, сонирхолтой” байгааг хоёр тал харилцан тэмдэглэв.

Энэтхэгийн засгийн газрын 1,236 тэрбум ам.долларын зээлийн шугамын хүрээнд Монгол Улсад баригдах гэж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд, чанарын дээд түвшинд барьж дуусгах нь дээрх харилцаа, хамтын ажиллагааны нотолгоо болно гэж др. Жайшанкар уулзалтын үеэр цохон тэмдэглэв.

Энэтхэг Улс дэлхийн 40 гаруй Ази, Африк, Ойрхи Дорнодын оронд 30 гаруй тэрбум ам.долларын зээлийн шугам нээсний хамгийн том нь Монгол Улсад олгосон зээл. Энэхүү зээлээр баригдах газрын тос боловсруулах үйлдвэр нь хамгийн том төсөл төдийгүй, Энэтхэгийн Засгийн газар, ялангуяа Ерөнхий сайд Модийн санаачилсан төсөл учир үүнд бүхий л анхаарал хандуулж, Монгол Улстай ойр дотно хамтран ажиллах замаар амжилттай хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгааг энэтхэгийн тал онцолж байна.

“Энэ төслийн явц, амжилтыг дэмжиж байгаа болон түүнийг таатай хүлээж авахгүй байгаа улс орнууд аль аль нь төслийг маш их анхаарч ажиглаж байгаа. Хамтын хүч чармайлтаар төслийг амжилттай хэрэгжүүлэх нь нэн чухлаас гадна Монгол Улсын эрчим хүчний аюулгүй, бие даасан байдлыг ханган бататгахад томоохон түлхэц үзүүлнэ” гэдгийг энэтхэгийн тал удаа дараа онцолж байна.

Хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын хамтын ажиллагаа гүнзгийрч, тодорхой үр дүнд хүрч байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Энэтхэг Улсын Аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран ажиллаж байна. 2019 онд Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх Энэтхэг Улсад албан ёсоор айлчилж хоёр талын тусгай албадын хооронд мэдээ мэдээлэл солилцох, боловсон хүчнээ сургаж бэлтгэх, цахим аюулгүй байдлын төв байгуулах, манай мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг давтан сургах, хиймэл дагуулын газрын станц байгуулах, газрын ховор элементийг эрж хайх, олборлох, боловсруулах чиглэлд хамтарч ажиллах асуудлаар үргэлжлүүлэн  ярилцаж, хамтран хэрэгжүүлэх 22 зүйл бүхий “Замын зураг”-ыг баталсан.