ТӨРСНИЙ БҮРТГЭЛ

2024-10-08


      Монгол Улсын харьяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

      Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал: Төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг,
  • Эцэг, эхээс Элчин сайдын яаманд хандаж гаргах өргөдөл,
  • Эцэг эхийн иргэний үнэмлэх,
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ /Монгол Улсын хуулиар бүртгүүлсэн гэрлэлтийн гэрчилгээ/
  • Хүүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрснийг гэрчилсэн бичиг баримт, түүний хуулбар,
  • Үйлчилгээний хураамж 800 рупи /Үйлчилгээний хураамжийг бэлэн мөнгөөр эсвэл виза, мастер картаар төлөх боломжтой/

Тайлбар:
      Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй бол, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын /хүүхдийн эцэг гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр/ шийдвэргүй  бол хүүхдийг эхийн нэрээр овоглож бүртгэх болно. Эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг журамтай. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг анхаарна уу.
      Элчин сайдын яам шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосныг бүртгэх ИУБ-11 маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 326 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх бүрдүүлж өгсөн баримт бичгийн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг журамтай.