ИРГЭДИЙН АНХААРАЛД
Бүгд Найрамдах Энэтхэг Улсад аялж буй Монгол Улсын иргэдийн анхааралд!
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод сүүлийн өдрүүдэд улс төрийн нөхцөл байдалтай холбоотой олон нийтийн жагсаал, цуглаан, эсэргүүцлийн арга хэмжээ хэд хэдэн өдөр дараалан зохион байгуулагдаж байна. Ялангуяа Jantar Mantar, Parliament Street, Connaught Place, India Gate болон тэдгээрийн ойролцоох төвийн бүсүүдэд цагдаагийн хамгаалалт нэмэгдэж, замын хөдөлгөөнд хязгаарлалт, түр зохицуулалт хэрэгжиж байна.
Үүнтэй холбоотойгоор Шинэ Делид зорчиж буй Монгол Улсын иргэд, жуулчдад дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэд та бүхэн:
- Жагсаал, улс төрийн цуглаан болж буй болон цагдаагийн хамгаалалт, хаалт тогтоосон бүсэд аль болох зорчихгүй байх;
- Jantar Mantar, Parliament Street, India Gate болон ойролцоох замуудаар зорчихдоо замын хөдөлгөөний түр өөрчлөлт болон цагдаагийн зааврыг чанд мөрдөх;
- Олон хүн цугласан, нөхцөл байдал хурцадсан тохиолдолд тухайн газраас нэн даруй холдож, аюулгүй газар шилжих;
- Жагсаал болон аливаа улс төрийн үйл ажиллагаанд татагдан оролцохоос зайлсхийх;
- Зураг, бичлэг хийхдээ жагсагчид болон цагдаагийн байгууллагын ажилтнуудын эсэргүүцэл, хамгаалалтын ажиллагаанд саад учруулахгүй байх;
- Хот дотор зорчихдоо нэмэлт хугацаа тооцож, шаардлагатай тохиолдолд метро болон таксины үйлчилгээн дэх өөрчлөлт, замын чиглэлийн мэдээллийг урьдчилан шалгах.
Тухайлбал, сүүлийн жагсаалын үеэр Шинэ Делигийн зарим хэсэгт олон нийтийн цуглаанд хязгаарлалт тогтоож, замын хөдөлгөөн болон метроны зарим буудлын үйл ажиллагаанд түр зохицуулалт хийсэн байна.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-тай холбогдоно уу.
Монгол Улсаас БНЭУ-д суугаа
Элчин сайдын яам