images

ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

2026-08-24

14

 

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудсанд тавтай морилно уу. Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улстай тэртээ 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон нь олон зууны уламжлалтай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм. Орчин үеийн түүхэнд хоёр талын хамтын хүч чармайлтын үр дүнд Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүх салбарт өргөжин гүнзгийрч, оюун санааны хөршөөс иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн ололт амжилтаар дипломат харилцаа тогтоосоны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Өдгөө манай хоёр орон Стратегийн түншлэлийн түвшний харилцаа, хамтын ажиллагаагаа амжилттайгаар өргөжүүлэн хэрэгжүүлж байна. Улмаар Монгол Улс, БНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган хөгжүүлэх нь зөвхөн манай хоёр орны ард түмний эрх ашигт нийцэх төдийгүй, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

    Манай цахим хуудаснаас Та бүхэн Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, түүх соёлын талаарх мэдээлэл авахаас гадна Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон хавсран суугаа Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Бүгд Найрамдах Бангладеш Улс, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Мальдив Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд болж буй онцлог үйл явдлууд болон тус ЭСЯ-ны үйл ажиллагаанаас танилцуулж байх болно.

    Монгол Улсын иргэн Та мөн өөрт шаардлагатай консулын үйлчилгээ авахтай холбоотой мэдээллийг эндээс авч байна уу. Манай ЭСЯ-наас БНЭУ болон хавсран суугаа улсад оршин суугаа болон зорчин яваа Монгол Улсын иргэн Таны хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг Танд түргэн, шуурхай хүргэх, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах болно. БНЭУ болон хавсран суугаа бусад улс орны хууль, тогтоомжийг иргэн Та чанд сахин мөрдөж, зан заншил, түүх соёлд нь хүндэтгэлтэй хандаж байхыг зөвлөж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Лувсанжавын Өлзийт