images

Элчин сайд Д.Ганболд Энэтхэгийн Ладак мужид ажлын айлчлал хийж, хамтын ажиллагааг урагшлуулав

МЭДЭЭ

2026-05-06

84

    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ладак мужийн захиргааны урилгаар Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд 2026 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд Лех хотноо ажлын айлчлал хийв.

    Тус айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар сард БНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан Архангай аймаг болон Ладак муж хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагдав. Элчин сайдыг Архангай аймгийн Засаг даргын орлогч Г.Галсандоржийн ахалсан төлөөлөгчид дагалдан оролцов.

    Айлчлалын үеэр Элчин сайд Д.Ганболд Ладакхын Холбооны нутаг дэвсгэрийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ашиш Кундратай уулзаж, Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг урагшлуулах, тухайлбал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, албан ёсны төлөөлөгчид болон соёл урлагийн хамтлагуудын солилцоог идэвхжүүлэх асуудлаар санал солилцов.

  Мөн Элчин сайд “Татхагатагийн ариун шүтээний үзэсгэлэн”-д оролцож, “Гүрү Падмасамбхава: Энэтхэг дэх ариун мөргөлийн газрууд” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцон Монгол, Энэтхэгийн оюун санааны хэлхээ холбооны талаар үндсэн илтгэл тавив.

    Соёлын хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Монгол ардын уламжлалт дуу, хөгжмийн тоглолтоороо оролцогчдод сонирхууллаа.