ИРГЭДИЙН АНХААРАЛД
Дели хот орчим (NCR)-ын агаарын чанарын нөхцөл байдлын талаар
Энэтхэг Улсын Агаарын бохирдлыг хянах төв зөвлөлөөс 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дели хот орчимын агаарын чанарын индекс (AQI) “маш хүнд” болон “онц ноцтой” түвшинд (450-аас дээш) хүрч, ноцтойгоор доройтсонтой холбогдуулан Агаарын бохирдлыг бууруулах шаталсан арга хэмжээний төлөвлөгөө (GRAP)-ний IV шат (Severe Plus)-ыг хэрэгжүүлж эхлүүлснийг албан ёсоор зарлав.
GRAP-ийн IV шат нь агаарын бохирдол хүний эрүүл мэндэд онцгой өндөр эрсдэл учруулж буй үед хэрэгжүүлдэг хамгийн өндөр түвшний яаралтай хариу арга хэмжээ бөгөөд цаг уурын таагүй нөхцөл (салхи багатай, агаарын солилцоо сул байх зэрэг)-өөс шалтгаалан бохирдуулагч бодисууд хуримтлагдсан нь энэхүү шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна.
GRAP-ийн IV шатны хүрээнд авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээнүүд
-
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт: BS-IV болон түүнээс доош стандартын хүнд даацын дизель тээврийн хэрэгслийг (шаардлагатай, зайлшгүй үйлчилгээ үзүүлэхээс бусад) Дели хотод нэвтрүүлэхийг хориглосон.
-
Барилга, нураалтын ажил зогсоох: Барилга угсралт, нураалтын бүх төрлийн үйл ажиллагаа, түүний дотор зам, гүүр, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн ажлуудыг түр хугацаагаар бүрэн зогсоосон.
-
Боловсролын байгууллагын зохицуулалт: Сургууль, боловсролын байгууллагуудад суралцагчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс танхимын болон цахим хосолсон хэлбэрээр хичээл зохион байгуулах талаар зөвлөмж хүргүүлсэн.
-
Нэмэлт яаралтай арга хэмжээ: Холбогдох орон нутгийн захиргаад шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, зайлшгүй бус үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох зэрэг нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой.
Иргэдэд өгөх эрүүл мэндийн зөвлөмж
Иргэд, ялангуяа хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд болон амьсгалын зам, зүрх судасны архаг өвчтэй хүмүүс гадаа удаан хугацаагаар зорчихоос зайлсхийж, шаардлагатай тохиолдолд хамгаалалтын маск (N95 зэрэг) хэрэглэхийг зөвлөж байна.
Аялал, тээврийн талаар
-
Агаарын бохирдол, харагдах орчны хязгаарлалт, цаг уурын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан нислэг саатах, хойшлох, зарим тохиолдолд цуцлагдах эрсдэл үүсэх боломжтой тул иргэд нислэгийнхээ мэдээллийг агаарын тээврийн компанитайгаа тогтмол нягтлах.
-
Нисэх онгоцны буудал руу зорчихдоо замын хөдөлгөөний хязгаарлалт, саатал үүсэх магадлалтайг харгалзан цагийн нөөцтэй төлөвлөх.
-
Олон нийтийн болон хувийн тээврээр зорчих үед холбогдох байгууллагуудын тогтоосон түр журам, хязгаарлалтыг мөрдөх.
Цаашдын нөхцөл байдал
Энэтхэгийн холбогдох байгууллагууд агаарын чанарын нөхцөл байдлыг тасралтгүй хянаж, бодит цагийн мэдээллийг нийтэлж байгаа бөгөөд нөхцөл байдлаас хамааран авч хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатайгаар шинэчлэх болно.
ЭСЯ иргэдийг албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, орон нутгийн эрх бүхий байгууллагуудын заавар, зөвлөмжийг чанд мөрдөхийг уриалж байна.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ