ИРГЭДИЙН АНХААРАЛД
Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсад үүссэн байгалийн гамшгийн нөхцөл байдлын талаар
Шри Ланка Улсад 2025 оны 12 дугаар сарын эхний хагаст хүчтэй аадар бороо, үер, хөрсний гулгалтын улмаас цаг агаарын онцгой нөхцөл байдал үүсээд байна. Тус улсын Онцгой байдлын газар болон олон улсын байгууллагуудын урьдчилсан мэдээллээр нийт 1.4 сая орчим хүн шууд болон шууд бусаар энэ гамшигт өртөөд байна. Үерийн гамшигт өртсөн айл өрх, суурин газар, дэд бүтэц, хөдөө аж ахуйн талбайн хохирлын үнэлгээ үргэлжилж байгаа бөгөөд холбогдох байгууллагууд өдөр бүр шинэчилсэн мэдээлэл гаргаж байна.
Одоогийн байдлаар 479-486 хүн амь үрэгдсэн, мөн 350 гаруй хүн сураггүй алга болсон гэх мэдээлэл бүртгэгдээд байна. Цаг агаарын онцгой байдлаас үүдэн зарим бүс нутагт аврах ажиллагаа хүндрэлтэй байгаа бөгөөд сураггүй алга болсон иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Үерийн улмаас 200 000–230 000 иргэн гэр орноосоо нүүлгэн шилжүүлэгдэж, Засгийн газрын байгууллагууд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын байгуулсан түр хоргодох байранд байрлаж байна.
Дэд бүтцийн хувьд улс даяар зам харилцаа, цахилгаан болон цэвэр ус нийлүүлэх системд ноцтой эвдрэл гарсан бөгөөд 1289 орон сууц бүрэн эвдэрч, 44 500 гаруй айл өрхийн гэр орон хэсэгчлэн эвдэрчээ. Цахилгаан тасалдал, цэвэр усны хангамжийн доголдлын улмаас зарим бүс нутагт ариун цэврийн нөхцөл байдал хүндрээд байгаа ба халдварт өвчин дэгдэх эрсдэл нэмэгдсэн талаар ДЭМБ анхааруулж байна. Үерийн улмаас сургуулиуд болон төрийн зарим байгууллагын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон бөгөөд сургууль, эмнэлгийн байгууламжийн бүрэн бүтэн байдлыг үнэлэх ажил хийгдэж байна.
Иймд, Монгол Улсын иргэд зайлшгүй шаардлагагүй тохиололд Шри Ланка Улсад зорчихгүй байх, тус улсад түр болон удаа хугацаагаар зорчиж, оршин сууж буй иргэд ЭСЯ-нд хандахыг зөвлөж байна.
Яаралтай асуудлаар ЭСЯ-ны шуурхай утсаар (+91 9266025777) болон фэйсбүүк хуудсаар (https://www.facebook.com/EmbassyOfMongoliaNewDelhiIndia) холбоо барина уу.
МОНГОЛ УЛСААС БНЭУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ