images

“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

МЭДЭЭ

2025-10-21

20

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбооны Ерөнхийлөгч асан Мадхав Сингханиа нар нээж хэлсэн үгэндээ, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд хувийн хэвшил, баялаг бүтээгчдийн оруулах хувь нэмэр их гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.

Мөн Шадар сайд С.Амарсайхан, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве нар мэндчилгээ дэвшүүлж, уламжлалт найрсаг харилцаа өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч,  худалдаа, эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг онцоллоо.

Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд  нэмэгдэж, 2024 оны байдлаар 110 гаруй сая ам.долларт хүрээд байна.

Манай улс Энэтхэгт мал, амьтны үс, хялгас, хонины ноос, хийн буюу цахилгаан биш моторт багаж зэргийг нийлүүлж, хүнс, гэр ахуйн бараа, протез, химийн задлан шинжилгээ хийх аппарат, өргөгч, ачигч, вааран эдлэл, оёмол бүтээгдэхүүн голлон авч байна.

Энэтхэгийн Дотоодын нийт бүтээгдэхүүн 4,3 их наяд ам.доллар. Экспорт 603 тэрбум, импорт 682 тэрбум ам.доллар.

Нефтийн бүтээгдэхүүн, үнэт чулуу, эм, эмийн бүтээгдэхүүн голлон нийлүүлж, гадаадаас түүхий газрын тос, алт, мөнгө зэрэг үнэт метал, цахилгаан бараа авдаг.

Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээ, санхүү, үл хөдлөх хөрөнгийн салбар голлох салбар юм.

Энэтхэг нь нүүрсний нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт, 2023 оны байдлаар гялтгануур болон хөнгөн цагааны хүдрийн нөөцөөр тавдугаарт, литийн давсны хүдрийн нөөцөөр зургаадугаарт төмрийн болон марганцын хүдрийн нөөцөөр долоодугаарт орж байна.

Форумын үеэр МҮХАҮТ болон Энэтхэгийн Аж үйлдвэрийн холбоо хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.