images

Энэтхэгийн Дотоод хэргийн яам “Цагаачлал ба гадаадын иргэний тухай” хуулийн төслийг парламентад өргөн барина.

МЭДЭЭ

2025-02-13

88

     Энэтхэгийн Дотоод хэргийн яам тус улс дахь цагаачлал болон гадаадын иргэдийн тухай хууль, эрх зүйн орчныг шинэчлэх зорилгоор хууль өргөн барих гэж байна. Өргөн барих гэж буй “Цагаачлал ба гадаадын иргэний тухай” хууль нь 1920 оны Паспорт /Энэтхэгт нэвтрэх тухай/-ын тухай хууль, 1939 оны Гадаадын иргэний бүртгэлийн тухай хууль, 1946 оны Гадаадын иргэний тухай хууль, 2000 оны Цагаачлалын тухай хуулиудыг нэгтгэж, бүрэн орлох юм байна.

     “Цагаачлал ба гадаадын иргэний тухай” хуульд цагаачлалтай холбоотой асуудлууд, тухайлбал цагаачлалын албаны ажилтны чиг үүрэг, паспорт, визний шаардлага болон бусад асуудал, гадаадын иргэн, тэдний бүртгэлтэй холбоотой асуудал, гадаадын иргэнийг хүлээн авах их, дээд сургууль, боловсролын байгууллагын үүрэг, эмнэлэг, асрамжийн газар болон байгууллагын үүрэг, хариуцлагатай холбоотой заалтуудыг тусгасан аж.

      Хуулийн төсөлд шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан гадаадын иргэнтэй холбоотой зохицуулалт, гадаадын иргэдийн зорчдог газарт хяналт тавих иргэний эрх мэдэл, тээвэрлэгчид хүлээлгэх хариуцлага, түүний хүлээх үүрэг, хуулийн төсөлд тусгагдсан хуулийн зарим заалтыг зөрчсөн гэмт хэрэг, шийтгэл, гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй холбоотой зохицуулалтыг мөн тусгасан байна.

       Хуулийн төсөлд гадаадын иргэн визийн хугацаа хэтрүүлсэн, визийн нөхцөлийг зөрчсөн, хориглосон бүсэд нэвтэрсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 3 сая рупи хүртэл торгох, эсхүл хоёулаар нь шийтгэхээр төлөвлөж байна.