images

ЭМГЭНЭЛ

МЭДЭЭ

2025-01-21

78

    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын тэргүүн, Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн, олон улс дахь байр суурийг бэхжүүлсэн, Монголын ард түмний эрхэм хүмүүн Пунсалмаагийн Очирбат 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсөж, Монгол төр, Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо.

    Тэрбээр 1990 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээснээр 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан юм.

    П.Очирбат Монгол Улсын Ерөнхийлөгчөөр долоон жил ажиллахдаа төрийн тэргүүний хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн зорилтын хүрээнд эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэх, засаглалыг шинэчлэн төлөвшүүлэх, нийгмийн ойлголцол зөвшилцлийг хангах үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан юм.

    Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбатын эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг, эвийг эрхэмлэгч, өв соёлыг дээдлэгч, ажилч хичээнгүй, тууштай зан чанар, шинжлэх ухаанч, зарчимч, бүтээлч үйл хэрэг нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.