images

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн орнуудын сайд нарын Хоёрдугаар бага хурал зохион байгуулагдав.

МЭДЭЭ

2024-09-18

70

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл Шинэ Дели хотноо 2024 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн орнуудын сайд нарын Хоёрдугаар бага хурал зохион байгуулагдав.

Тус бага хуралд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчдийн хамтаар оролцов.

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсыг төлөөлөн үг хэлэхдээ, БНЭУ-ын Засгийн газар болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-д талархал илэрхийлж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын хөгжил, шинэчлэлийн талаар мэдээлэл хийхдээ Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэний нисэхийг либералчлах, олон улсын стандартыг хангасан аюулгүй, үр ашигтай нисэхийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Бага хурлын үеэр Элчин сайд Д.Ганболд БНЭУ-ын Иргэний нисэхийн сайд К.Р.Найду-тай уулзаж, 2025 онд Монгол Улс, БНЭУ-ын хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар санал солилцов.

Хоёрдугаар бага хурлын үр дүнгээр Делигийн тунхаглал баталсан бөгөөд БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди оролцон үг хэлж, төлөөлөгчдийн тэргүүн нартай тусгайлан уулзав.

Мөн хурлын үеэр Элчин сайд ОУИНБ-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Т.Ма, Бутаны Хаант Улсын Дэд бүтэц, тээврийн сайд Ч.Б.Гурунг нартай уулзаж, ярилцав.