Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамд хоорондын 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр амжилттай боллоо.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, энэтхэгийн талаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яамны олон улсын харилцааны асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Амитабах Прасад нар тэргүүлж, бүс нутгийн аюулгүй байдал болон хоёр талын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар зөвлөлдлөө. Мөн Зөвлөлдөх уулзалтанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ байлцлаа.
Уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, өнгөрсөн 2023 онд хэрэгжүүлсэн хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар нарийвчлан ярилцаж, улмаар цэргийн бүхий л түвшний харилцан айлчлал солилцоог бэхжүүлэх, хоёр талын хамтарсан дадлага сургуулийг үргэлжлүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, цэргийн эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллах, цэргийн сургалтыг нэмэгдүүлэхээр харилцан тохиров.
Мөн зөвлөлдөх уулзалтын хүрээнд ноён Амитабах Прасад тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын тусламжтайгаар байгуулагдсан Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Кибер аюулгүй байдлын сургалтын төвд зочилж, тус төвийн үйл ажиллагаатай танилцана.