БАЛБА УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД Д.ГАНБОЛД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Ерөнхийлөгч Рам Чандра Поудэл-д 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд ХБНАБУ-ын Гадаад хэргийн сайд Нараяан Кажи Шреста, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Прабху Рам Шарма, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Сүрэш Чандра Чалсэ, ГХЯ-ны Нарийн бичгийн дарга Сэва Ламсал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Нарийн бичгийн дарга Дилли Рам Шарма нар оролцов. Элчин сайд Д.Ганболд ИЖБ-ээ гардуулсаны дараагаар Ерөнхийлөгч Р.Ч.Поудэлтэй товч ярилцсан болно. Уулзалтын эхэнд Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэв. Ерөнхийлөгч Р.Ч.Поудэл Элчин сайдад үүрэг ажилдаа орж байгаад баяр хүргэж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. ИЖБ-ээ өргөн барих ёслолын төгсгөлд Элчин сайд Д.Ганболд ХБНАБУ-ын Ерөнхийлөгчийн ордны Хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээж, гарын үсэг зурсан болно.