images

Энэтхэг Улсад төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нээлээ

МЭДЭЭ

2023-04-21

108

Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг шинээр байгуулж, төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх “ХурДан” цэгийг улс орон даяар болон хилийн чанадад нийт 395 байршилд нээх ажил эрчимтэй явагдаж байна. Тус ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгийн нээлтийг хийлээ. Ингэснээр тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээг ойроос, хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.

“ХурДан” цэгээс төрийн 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлж байгаа юм. Цаашид үе шаттайгаар 55 байгууллагын 790 орчим үйлчилгээг үзүүлэх аж. Өнөөдрийн байдлаар “ХурДан” цэгийг Улаанбаатар хотод хүн амын нягтрал ихтэй 14 байршилд нээж, үйл ажиллагаа нь эхэлсэн ба аймгуудад нээх бэлтгэл ажил хангагдаж байгаа юм байна. Ингэснээр иргэд “ХурДан” гэсэн брэндбүүк лого бүхий газраас төрийн үйлчилгээг өөрт хамгийн ойрхон цэгээс авах боломжтой болж байна.